МИДАС: Өөрчлөлт, туршлагаас өнөөгийн бүтээгдэхүүн хүртэл

2019 онд бид MIDAS Asset Management-ийн үйл ажиллагааг эхлүүлж, хөрөнгө оруулалтын сангуудаа байгуулахаар ажиллаж байсан боловч удалгүй COVID-19 цар тахал дэлхий даяар дэгдэж, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин эрс өөрчлөгдсөнөөр анхны төлөвлөгөөгөө эргэн харж, байгуулахаар зорьж байсан сангуудынхаа чиглэл, бүтцийг шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай тулгарсан юм.
Гэсэн хэдий ч нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран хөрөнгө оруулагчдын бодит хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн хөгжүүлэх, үүнийгээ мэргэжлийн судалгаа, сахилга баттай хөрөнгө оруулалтын шийдвэр, эрсдэлийн удирдлагатай хослуулах бидний үндсэн зарчим хэвээр хадгалагдсан.
Цар тахлын дараах жилүүдэд Монголын бондын зах зээл, тэр дундаа биржийн бус буюу OTC зах зээлд хөрөнгө оруулалтын шинэ боломжууд бий болсон бөгөөд бид эдгээр боломжид тулгуурлан МИДАС Өндөр Өгөөжтэй Бондын Сангаа байгуулсан.
Хөрөнгө оруулагч, харилцагчидтайгаа ажиллах явцад байгууллагуудын чөлөөт мөнгөн хөрөнгийн удирдлагатай холбоотой нэгэн хэрэгцээ улам тодорхой болсон юм. Тодруулбал, байгууллагууд чөлөөт мөнгөн хөрөнгөө өөрсдийн төлөвлөсөн хугацаанд нийцүүлэн байршуулж, өгөөж хүртэхийн зэрэгцээ мөнгөн урсгал, хөрвөх чадвар болон эрсдэлээ үр дүнтэй удирдахыг эрмэлзэж байв. Энэхүү хэрэгцээ нь олон улсын зах зээлд мөнгөний зах зээлийн сангаар дамжуулан шийдвэрлэдэг хэрэгцээтэй төстэй боловч Монголын зах зээлийн онцлогт нийцсэн бүтээгдэхүүн, бүтэц шаардлагатай байсан.
Иймээс бид бондын сангаа зөвхөн бондод хөрөнгө оруулах хэрэгсэл төдийгүй байгууллагын мөнгөн хөрөнгийн удирдлагад ашиглаж болох хувилбар болгон хөгжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд бонд гаргагчийн төлбөрийн чадварын үнэлгээ, хөрөнгө оруулалтын багцын төрөлжилт болон хөрвөх чадварын удирдлагыг багцын удирдлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж байна.
Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын багцын бүтэц, эрсдэл, өгөөжийн боломжит хувилбаруудыг үнэлэхэд хиймэл оюун ухаанд суурилсан багцын оновчлолын хэрэгслийг ашиглаж байна. Энэхүү хэрэгсэл нь манай мэргэжлийн багийн судалгаа, туршлага, дүгнэлтийг дэмжих нэмэлт мэдээллээр хангаж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явцад ашиглагддаг бөгөөд эцсийн шийдвэрийг мэргэжлийн баг гаргадаг. Ийнхүү бид хиймэл оюун ухааны давуу талыг мэргэжлийн судалгаа, шинжилгээтэй хослуулан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл ажиллагаандаа ашиглах боломжтой болсон.
Манай бүтээгдэхүүн зах зээлийн өөрчлөлт, олон сорилтыг даван туулж, шаардлагатай шалгуурыг хангахын зэрэгцээ харилцагчдын хэрэгцээ, бидний хуримтлуулсан туршлагад тулгуурлан үе шаттайгаар сайжирсаар өнөөгийн хэлбэрт хүрсэн бөгөөд цаашид ч бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэхээр ажиллаж байна.
Монголын хөрөнгийн зах зээлд шийдэл шаардлагатай хэрэгцээ, цаашид хөгжүүлэх боломж олон байгааг харгалзан бид дараагийн хөрөнгө оруулалтын сангийн судалгаа, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Цаашид хөрөнгө оруулагч, харилцагч, хамтрагчдадаа сангийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын арга барил болон шинэ санаачилгуудынхаа талаар тогтмол мэдээлэл хүргэж ажиллах болно.
Я. Дашдорж
MIDAS Asset Management-ийн гүйцэтгэх захирал